АНУ-ын оюутны визийн журамд гарсан томоохон өөрчлөлт: "Duration of Status" буюу хугацаагүй оршин суух эрх халагдлаа
- Jul 18
- 4 min read
eVendow Consulting Firm | 2026 оны 7-р сар
2026 оны 7-р сарын 17-ны өдөр АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Яам (DHS) сүүлийн 30 гаруй жил үйлчилж ирсэн оюутны визийн нэг үндсэн зарчмыг өөрчилсөн журмаа (final rule) Холбооны бүртгэлд (Federal Register) албан ёсоор нийтэлээд байна.
Тус журам 2026 оны 9-р сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ.
Товчоор хэлбэл: F ангиллын оюутнууд АНУ-д хугацаагүй бус, тодорхой хязгаарлагдмал хугацаатай оршин суух (суралцах) эрхтэй болж байна.
Энэ нь АНУ-д суралцаж буй болон суралцахаар төлөвлөж буй олон мянган гадаад оюутнууд, тэдний ар гэрийнхэнд шууд хамааралтай мэдээ юм.
"Duration of Status" гэж юу байсан бэ?
Өнөөг хүртэл F визтэй оюутан АНУ-ын хилээр орж ирэхэд I-94 бүртгэлд нь тодорхой дуусах огноо бус, "D/S" (Duration of Status) гэсэн тэмдэглэгээ хийгддэг байв. Энэ нь "та сургалтын хөтөлбөрөө үргэлжлүүлж, оюутны статусаа хадгалж байгаа цагт АНУ-д хууль ёсоор байж болно" гэсэн утгатай. Тухайлбал, Баклавраа төгсөөд магистрт орсон ч, судалгааны ажил нь сунгагдсан ч оюутан USCIS-т тусгайлан хүсэлт гаргах шаардлагагүй — сургуулийн олон улсын оюутны албандаа (DSO) хандахад л хангалттай байсан.
Шинэ журмаар энэ систем халагдаж байна.
2026 оны 9-р сарын 15-наас орж буй өөрчлөлтүүд

Шинэ журмын дагуу F оюутнууд дараах байдлаар зохицуулагдана:
Оюутан I-20 маягт дээрх сургалтын хөтөлбөрийн хугацаагаараа, гэхдээ **дээд тал нь 4 жилээр** АНУ-д оршин суух эрх авна. Үүн дээр хилээр орж ирэх 30 хоног, хөтөлбөр дууссаны дараа гарч явах 30 хоног нэмэгдэнэ.
Гарах хугацаа буюу "grace period" богиносно. Өмнө нь хөтөлбөрөө дуусгасны дараа 60 хоногийн дотор АНУ-аас гарах ёстой байсан бол одоо энэ хугацаа **30 хоног** болж багасаж байна.
Хугацаа сунгуулах шинэ журам.
Хэрэв оюутанд нэмэлт суралцах хугацаа хэрэгтэй бол — жишээ нь сургалтаа дуусгаж амжаагүй, шинэ хөтөлбөрт элсэх гэж байгаа, эсвэл төгсөлтийн дараах дадлага (OPT, STEM OPT) хийх гэж байгаа бол — USCIS-т **I-539 маягтаар "Extension of Stay" (EOS) буюу оршин суух хугацаа сунгуулах хүсэлт** гаргах шаардлагатай. Энэ хүсэлт нь төлбөртэй бөгөөд биометрийн мэдээлэл өгөх шаардлага дагалдана. Өөр нэг сонголт нь АНУ-аас гарч, шинэ хугацаатайгаар дахин хилээр орж ирэх явдал юм.
Хууль бус оршин суух хугацаа тоологдож эхлэх журам.
Энэ бол хамгийн ноцтой өөрчлөлтүүдийн нэг. Өмнөх системд оюутан статусаа зөрчсөн ч "unlawful presence" буюу хууль бус оршин суусан хугацаа нь USCIS эсвэл цагаачлалын шүүх албан ёсоор тогтоосны дараа л тоологдож эхэлдэг байв. Шинэ журмын дагуу I-94 дээрх хугацаа дууссаны дараа хугацаа сунгуулах хүсэлтээ цаг тухайд нь гаргаагүй бол хууль бус оршин суусан хугацаа шууд тоологдож эхэлнэ. Энэ нь ирээдүйд АНУ-д дахин нэвтрэх эрхэд ноцтой нөлөөлж болзошгүй.
Одоогоор АНУ-д суралцаж байгаа оюутнуудад юу анхаарах вэ?
2026 оны 9-р сарын 15-наас өмнө D/S нөхцөлөөр хилээр орж ирсэн оюутнууд шууд шинэ хүсэлт гаргах шаардлагагүй. Тэд I-20 дээрх хөтөлбөрийн дуусах огноо, эсвэл OPT/STEM OPT-ийн хүчинтэй хугацаа дуустал АНУ-д хэвийн суралцаж байж болно.
Гэхдээ нэг чухал хязгаар бий: **2030 оны 11-р сарын 14-нөөс хэтрэхгүй** (журам хэрэгжиж эхэлснээс хойш 4 жил, дээр нь 60 хоногийн гарах хугацаа).
Энэ огнооноос цааш үлдэх шаардлагатай оюутнууд — тухайлбал урт хугацааны докторын хөтөлбөрт суралцаж буй, эсвэл шинэ хөтөлбөрт элсэх гэж буй хүмүүс — заавал EOS хүсэлт гаргах ёстой. Тодорхой хэлбэл, өмнөх шиг сургалтын албаар дамжиж шууд сунгагдахгүй. Албан ёсоор USCIS-д өргөдөл гаргах зарчмаар виз сунгалт хийгдэнэ.
Нэг жишээ авъя. Батаа 2025 онд АНУ-ын их сургуулийн баклаврын 4 жилийн хөтөлбөрт элссэн гэж бодъё. Тэрээр D/S нөхцөлөөр орж ирсэн тул
I-20 дээрх хөтөлбөрийн дуусах огноо болох 2029 он хүртэл асуудалгүй суралцана. Харин төгсөөд OPT хийх бол, эсвэл магистрт үргэлжлүүлэн суралцах бол шинэ журмын дагуу USCIS-т хугацаа сунгуулах хүсэлт гаргах, эсвэл гадагш гарч дахин орж ирэх 2 сонголттой тулгарна. Өмнө нь энэ бүхэн сургуулийн дотоод журмаар шийдэгддэг байсныг бодоход энэ нь нэмэлт зардал, хүлээлт, цаг хугацааны төлөвлөлт шаардсан алхам болж байна.
OPT хийх гэж буй оюутнуудад зориулсан түр хөнгөлөлт
DHS нэгэн хөнгөлөлт оруулсан нь:
журам хэрэгжиж эхэлснээс хойшх **эхний 6 сарын хугацаанд** OPT эсвэл STEM OPT-ийн ажлын зөвшөөрлийн хүсэлт (I-765) гаргаж буй оюутнууд
I-539 маягтыг зэрэг бөглөх шаардлагаас түр чөлөөлөгдөнө. Энэ хугацаа өнгөрсний дараа хоёр маягтыг хамт гаргах шаардлага бүрэн хүчин төгөлдөр болно.
Мөн H-1B ажлын визийн хүсэлт нь цаг тухайд нь гаргагдсан, "cap-gap" сунгалтад хамрагдах эрхтэй оюутнууд EOS хүсэлт гаргах шаардлагагүй байхаар журамд тусгагдсан.
Бусад шинэ хязгаарлалтууд
Эцсийн журамд оюутны амьдралын мөчлөгт нөлөөлөх өөр хэд хэдэн өөрчлөлт багтсан:
Сургууль солих (transfer), мэргэжлийн чиглэл өөрчлөх, боловсролын түвшин өөрчлөхтэй холбоотой шинэ шаардлагууд бий болсон. Тухайлбал, магистр, докторын түвшний оюутнууд хөтөлбөрөө өөрчлөхөд хязгаарлалт тавигдаж, ижил эсвэл доод түвшний зэрэг рүү буцаж суралцахыг хориглосон заалтууд орсон.
Англи хэлний бэлтгэл хөтөлбөрийн оюутнуудын оршин суух хугацааг **нийт 24 сараар** хязгаарласан.
Энэ журам зөвхөн F оюутнуудад бус, J солилцооны хөтөлбөрийн оролцогчид, I ангиллын гадаад хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мөн адил хамаарна.
Оюутнууд, эцэг эхчүүд одоо юу хийх ёстой вэ?
Энэ өөрчлөлтөөс болж хий айдас авах шаардлагагүй ба, харин нарийн төлөвлөлтийг илүү нарийвчлалтай хийж албан ёсны мэдээлэл, дүрэм журмыг сайтар ойлгосон байрыг шаардаж байна.
Бидний зөвлөх буй суурь алхмууд:
1. I-94 болон I-20 бичиг баримтаа шалгаж хэвшээрэй. 9-р сарын 15-наас хойш хилээр орж ирэх тохиолдолд I-94 дээр тодорхой дуусах огноо бичигдэнэ. Энэ огноог мэдэхгүй өнгөрөөх нь хамгийн эрсдэлтэй алдаа болно.
2. Сургалтын хугацаагаа бодитой төлөвлөгөө гаргаарай. 4 жилээс урт хөтөлбөрт суралцах, магистр докторт үргэлжлүүлэн суралцах төлөвлөгөөтэй бол хугацаа сунгуулах үйл явц, түүний зардал, хүлээгдэх хугацааг урьдчилан тооцох хэрэгтэй.
3. Сургуулийнхаа олон улсын оюутны албатай (DSO) тогтмол холбоотой байгаарай. Хугацаа сунгуулах үйл явц DSO-гийн зөвшөөрлөөс эхэлдэг.
4. Албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч байгаарай. SEVP байгууллага Study in the States цахим хуудсандаа энэ журмын тухай "Quick Facts" болон түгээмэл асуулт хариултын хуудас нээсэн бөгөөд 2026 оны 8-р сарын 31-ний өдөр (АНУ-ын зүүн эргийн цагаар 14:00–15:00) олон нийтэд нээлттэй вебинар зохион байгуулна.
Шинэ журам хэрэгжихээс өмнөх энэ хоёр сар бол бэлтгэлээ хангах хамгийн чухал үе юм. Ялангуяа 2026 оны намар АНУ руу анх удаа явах гэж буй оюутнууд шинэ системийн дагуу хилээр нэвтрэх тул бичиг баримт, хугацааны тооцоогоо сайтар нягтлах шаардлагатай.
Disclaimer: Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд хууль зүйн зөвлөгөө биш болно.
Таны нөхцөл байдалд энэ өөрчлөлт хэрхэн нөлөөлөхийг мэдэхийг хүсвэл** admin@evendow.com хаягаар бидэнд хандаж үнэ төлбөргүй урьдчилсан үнэлгээ хийлгээрэй. Эвэндоу Консалтинг нь хөнгөлөлттэй үнээр стратегийн зөвлөгөө өгөх бөгөөд бүрэн үйлчилгээний багцад хамрагдсан тохиолдолд уг төлбөр таны үйлчилгээний төлбөрт тооцогдоно. Шаардлагатай тохиолдолд манай хамтран ажилладаг цагаачлалын хуульчидтай холбогдох боломжтой.
Мэдээллийн Албан ёсны эх сурвалжууд:
** АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Яам (dhs.gov), Study in the States (studyinthestates.dhs.gov), USCIS (uscis.gov), I-94 бүртгэл шалгах портал (i94.cbp.dhs.gov)



Comments